Нийгэм | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Мэдээ »
Ж.Верн ”Усан доогуур 20000 бээр аялсан нь”
2011 оны 4 сарын 15
ХӨДӨЛГӨӨНТ АРАЛ

 1865 онд ер бусын хачин явдлууд гарсан нь өнөө хүртэл олон хүний санаанд байсаар байгаа буйзаа. Эдгээр явдлын дуу чимээ эх газрын ард иргэдийн сонирхлыг татаж, далайн замын боомт хотуудын оршин суугчдыг сандраан, ялангуяа далайчдын сэтгэлийг сүрхий түгшүүлэв. Худалдаачин, хөлөг онгоцнй эзэн, капитанууд, бага дарга, далайн цэрэг, тэрч байтугай шинэ, хуучин тивүүдийн хэд хэдэн улс гүрний засгийн газар тэр нэгэн хачин явдлыг гойд шохоорохн сонирхож байв.

Тэр жил их далайн хэд хэдэн хөлөг онгоц халим загаснаас том, хурдаараа түүнээс хавьгүй илүү, заримдаа өөрийн биеэс хурц гэрэл цацарган байх, хоёр үзүүр рүүгээ шувтан, дундаа цүлхгэр, гонзгой юмтай гадаад далайд дайралдсан байжээ. Тэр юм буюу амьтны гадаад байдлыг өөр өөр онгоцны өдрийн тэмдэглэлүүдэд тодорхойлон бичсэнийг үзвэл өөр хоорондоо ялгаа багатай боловч цөм түүний хөдөлгөөнийг урьд өмнө дуулдаагүй асар хурдан гэж тэмдэглэсэн байв. Түүнийг халим хэмээн таамаглан үзэх боловч шинжлэх ухаанд мэдэгдсэн халим төрөлтний дотроос нэг нь ч ийм асар том хэмжээнд үл хүрнэ. Кювъе, Лассенед Дюмериль, Катрфаж 1 нарын хэн нь ч тийм сүрхий гайхал байна гэдгийг нүдээрээ үзэхээс нааш үл итгэхсэн билээ.

Түүнийг нүдээрээ үзсэн зарим хүн уртаараа английн хоёр зуун фут гэх бөгөөд энэ нь хэт багасгаж, нөгөө хэсэг нь уртаашаа гурван миль, өргөөшөө нэг миль гэж тодорхойлсон нь хэтэрхий ихэсгэсэн байв. Улсын ам хэдийгээр ийнхүү зөрөх боловч олон мэдээнүүдийг цэгнэн үзвэл тэр амьтан, хэрэв байдаг нь үнэн л болж гэм амьтны аймаг судлагсдын мэдэж буй бүх адгуус амьтантйа зүйрлэмгүй том юм байсан гэж бардаагаар хэлж болох юм.  Гэтэл байгаа баримт нэгэнт маргашгүй болохоор тийм амьтан байгаа эсэх гэж эргэлзэх явдалгүй байв.

Хүн төрөлхтөн ер нь нууц бүрхэг юманд шохоорхдог зантай болохоор ийм юм дуулаад дэлхий дахинаараа гүнээ сэтгэл догдолсон нв зүй буйзаа. Калькутт хотын хөлөг онгоцны нийгэмлэгт харъяалагдах “Губернатор Хингинсон” гэгч онгоц 1866 оны долоодугаар сарын хориноо тэрхүү хөдөлгөөнт бөөн хар юмтай дайралджээ.

Түүнийг зураг дээр тэмдэглэгдээгүй арал хэмээн хөлөг онгоцны капитан Бэккэр газар зүйн координатыг нь нарийн тодорхойлохоор завдаж байтал, тэрхүү юмны дотроос гэв гэнэт хоёр салаа ус нарийхнаар исгэчин олгойдож, зуун тавин фут өндөрт хөөрлөө. Энэ нь хэрвээ л далайн ёроолын грейзер 2 дээшээ олгойдоогүй бол “Губернатор Хингинсон” хоншоороороо ус уур тургиж явах далайн ямар нэгэн сүүгээр бойжигчидтой тулгарснаас зайлсангүй ээ.

Бас, Дорнот-Энэтхэг болон Номхон далайн хөлөг онгоцны нийгэмлэгт харъяалагдах “Христофор Колумб” онгоцон дээрээс 1866 оны долоодугаар сарын 23-ны өдөр тэрхүү хачин амьтныг Номхон Дөлгөөн далайд байхыг нь харжээ. “Губернатор Хингинсон”, “Христофор колумб” хоёр тэр гайхалтай халимыг гуравхан хоногийн зөрөөтэй хугацаанд нэг нэгнээсээ далайн бүхэл бүтэн долоон зуун миль зайтай газар дэлхийн бөмбөрцгийн хоёр цэгт олж үзсэн болохоор үнэхээр санаанд багташгүй айхтар хурдан хөдлөх чадвартай эд байжээ.

 

1 Түмэн бодис судлагч эрдэмтэд

2 Газрын гүнээс тогтмол хугацаанд  оргилж байдаг уур ба халуун усны оргил

 

Түүнээс арван тав хоногийн дараа Америк, Европ хоёрын хооронд Атлантын гадаад далайд уулзсан үндэсний компанийн “Гельвец”, Роял Мейл компанийн “Ханан” гэдэг хоёр хөлөг умарт өргөрөгийн 45 хоног 15 хувь, умарт уртрагийн ( гренвичээс ) 60 хоног 31 хувьд тэр гайхлыг бас үзжээ. Тэдгээр онгоцны хоёр капитан уул сүүгээр бойжигчийн уртыг адаглаад английн 350 фут гэж гаргасан байв. Гэтэл “Гельвец”, “Ханан” хоёр хөлөг онгоц үзүүрээсээ сүүлээ хүртэл дөнгөж 325 фут болохоор түүнээс богино ажээ. Тэхэд Алеут арлуудын орчинд тохиолдох хамгийн том халим 150 футээс хэтэрсэн түүхгүй.

Эдгээр мэдээ болон цаашдаа Атлантын тээврийн “Перейра” гэх галт онгоц, тэр гайхлыг мөн олж харсан, “Этна” гэгч онгоц түүнтэй мөргөлдсөн зэрэг удаа дараалан гарсан сураг чимээ, эцэстээ францын “Норманди” хэмээх хөлөг онгоцны офицеруудын баталгаа бичиг, “Лорд Клайд” онгоцны дарга Фитуджемсээс Английн тэнгисийн хэрэг эрхлэх газар ирүүлсэн тайлан-энэ бүхэн олон түмний санаа сэтгэлийг хязгааргүй их үймрүүлсэн билээ. тэрхүү ер бусын хачин явдлыг зраим оронд элэг доог болгосон авч Англи, Америк, Герман мэтийн буурьтай орнууд ихэд сонирхон үзэв. Нийслэл хот бүхэнд тэр гайхлын тухай ярилцах болов. Түүний тухай тайзан дээрээс шоолон дуулах, сэтгүүлүүдэд шогчлон зурах, театрууд дүрслэн үзүүлэх болжээ. Бас умарт далайн орчны уснаа орших аймшигт цагаан халимаас эхлээд, 500 тонн хүнд хөлөг онгоцыг тэвэрч аваад далайн ёроолд орчхож чадах зөн болсон наймаалж хүртэл, хүмүүс санаанаасаа бодож гаргасан буюу үнэхээр амьдарч байгаа мьтдыг дүрсэлсэн дүрийг бүх сонин хэвлэж байв. гэтэл архивуудаас эртний баримт бичгүүдийг ухаж эхэлсэн бөгөөд далайн ямар нэгэн аварга амьтан байж болох тухай Аристотель, Плиний нарын гэрчилгээ, Норвегийн далайчдын өгүүллэг, Пауль Геггедийн мэдэгдэл, хамгийн эцэст далайн асар том могойг 1857 онд нүдээрээ харсан Харрингтоны бодит баталгаа зэргүүдийг үзэв.  

Гэтэл бас эрдэм шинжилгээний сэтгүүлүүд болон эрдэмтэн мэргэдийн дунд, итгэгсэд ба үл итгэгсдийн хооронд эцэс хязгааргүй маргаан дэгджээ. Гайхлын тухай асуудал ухаантан бүрийн тархи толгойг эзлэв. Тэрхүү маргааны үед мөн ч их бэх цаас үрсэн байх.

Бүтэн 6 сарын турш ач тач маргалдлаа. “Бразилийн газар зүйн институт”-ийн мэдээлэл, “Берлингийн шинжлэх ухааны хүрээлэн”-гийн сэтгүүл, Вашингтоны Смиттийн институтийн сэтгүүл зэрэгт нийтлэгдсэн өгүүллийг нийтийн өмнө элэг доог болгосноор барахгүй, “Энэтхэгийн ольтриг”, петерманны “Мэдээлэл” зэрэг буурьтай сэтгүүлүүдэд гарсан өргөн шүүмжлэл болон евродын сонгодог сэтгүүлүүдийн эрдэм шинжилгээний сонсгол сэлтийг эрээ цээргүй хэвлэлийн зүгээс дайран доромжилжээ. Түүнчлэн гайхлын эсрэг зогсогч хэн нэгэн хүн “Байгаль, тэнэгүүдийг төрүүлддэггүй” гэж Карл Линейн 1 хэлсэн үгээр бамбай барин “Гагцхүү согтуу далайчдын ухаан санаанд орж болох, хэнд ч хэрэггүй тийм гайхлыг бий болголоо гэж байгалийг бүү доромжил” хэмээн эрдэмтдийг сэтгүүлчид ятгаж билээ. тэг тэгсээр хамгийн сүүлд долоо хоног тутам гардаг шог сэтгүүл томоос том зохиолчдын нэрээр гайхлын эсрэг хааж хаацайлахын аргагүй ширүүн дайралт хийсний дараа түүнийг хамгаалагчид нийтийн хүчээс инээд тохуу хийхийн эрхэнд араг буюу ухрахад хүрчээ. Тийнхүү шинжлэх ухааныг хурц оюун ялж билээ.

Гайхлын тухай яриа 1867 оны эхний саруудад сэхэж сэргэх найдваргүй болж булшлагдсан мэт байв. Гэтэл шинэ шинэ баримтат зүйл энэ удаа уншигчдын сонорт дуулдав. Энэ удаа шинжлэх ухааны ерөнхий нэгэн асуудал шийдвэрлэх яриа дэгдсэнгүй, харин ёстой жинхэнэ үнэн бодит аюул хөнөөлтэй тэмцэх тухай яригдаж эхэллээ. тэр асуудал шинэ баримтуудаар баяжив. Гайхал маань одоо арал, хад болон хувирч “арал аралдаа бүр хөдөлгөөнт, баригдашгүй, танигдашгүй, жигтэй хачин арал” болжээ.

 

1 Швейцарийн алдарт байгальч ( 1707 – 1778 )

 

Монреалийн тэнгисийн компанийн “Морави” гэдэг хөлөг онгоц 1867 оны 3-р сарын 25-ны шөнө өргөргийн 27 хоног 30 хувь ба уртрагийн 72 хоног 15 хувьд урьд өмнө ямарч газрын зурагт тэмдэглэгдээгүй хад мөргөжээ.”Морави” онгоц 400 морины хүчтэй мотор ба аясын салхины хүчээр цагт 13 зангилаагийн хурдай явжээ. хэрвээ онгоцны бүх бие тийм бат бэх байгаагүйсэн бол ийм их хурдтай явж байхад энэхүү мөргөлдөөн тун харамсалтайгаар төгсгөл болж, уул онгоцны баг  болон сууж явсан 237 хүний амь насанд аюул учрахсан билээ.

Мөргөлдөөн өглөөний таван цагт болжээ. Энэ хэр дөнгөж гэгээ орж байжээ. Ингэж мөргөлдөх үед ээлжийн офицерүүд онгоцны хүрээ хашлага руу гүйлдэн очив. Тэд далайн усыг ихэд анхааран ширтсэн боловч хэрвээ онгоцноос гурван кабельт 1 зайтай ямар нэг хүчирхэг сэнсний далбаагаар дэлсэгдэх мэт оволзон хөөсөрч байгаа давалгааг эс тооцвол өөр сэжигтэй юм огт үзэгдсэнгүй. Тэр явдал болсон газрын координатыг яг гаргаж аваад “Морави” онгоц аян замаа үргэлжлүүлэв. “Морави” онгоцонд сүйдсэн зүйл гаднаасаа л мэдэгдсэнгүй, онгоцны дарга нар тархиа эргэтэл бодсон боловч усан доорхи арал буюу эсхүл живсэн онгоцны сэг, чухам юу мөргөснөө олсонгүй.

Тэгээд, боомт хотноо хүрэлцэн ирж “хуурай” зогсоолдоо орж үзвэл “Морави”-ийн килийн 2 хагас нь зад цохигдсон байжээ.

Хэрвээ энэ хачин явдал 3 долоо хоногийн дараагаар мөн тиймэрхүү нөхцөл байдалд давтагдаагүйсэн бол дээрх явдлын нэг адил даруйхан мартагдахсан билээ. Энэ удаа гайтсан тэр хөлөг онгоц нь дэлхий дахинаа цуутай усан замын нийгэмлэгт харъяалагдаж байсан учир тэр явдал дэлхийг ихэд шуугиулав.

Бодвол Английн усан замын хөлөг онгоцны эзэн Кьюнардыг бүгд сайн мэдэх байлтай. Хамгийн анх түүний хөлгүүд Америк, Европ хоёрын хооронд тогтмол харилцаа барьсан билээ. Кьюнардын хөлөг онгоцны байгууллагын оршин тогтнож ирсэн хорин долоон жилийн дотор түүний хөлгүүд Атлантын гадаад далайг хочр мянга илүү удаа гатлан аялахдаа тогтоосон цагаасаа нэг ч удаа хожимдож, явах цагаа нэг ч удаа хойшлуулж, түүнд итгэмжилсэн шуудангаас нэг ч захидал бичиг гээгдүүлж байсангүй. Кьюнардын хөлөг онгоцны байгууллагын нэр хүнд маш өндөр байсан учир ямар нэгэн өрсөлдөөнөөс айдаггүй байв. Тийм ч учраас түүний шилдэг хөлгүүдийн нэгэнд тохиолдсон тэр явдал төчнөөн их шуугиан дэгдээжээ.

1867 оны 4-р сарын 13-нд өчүүхэн ч салхигүй, далайн ус толь шиг мэлтийн байхад “Шотланд” онгоц уртрагийн 15 хоног 12 хувь, өргөргийн 45 хоног 37 хувьд явж байлаа. Мянган морины хүчтэй аварга машин бүхий хөлөг онгоц цагт арван гурав, зууны дөчин гурван зангилаа хурдтай явж байжээ. “Шотланд”-ын сэлэх хурд далайн усыг цагийн санжлуурын жигд хөдөлгөөнөөр зүсч явлаа.

Түүнд сууж явагсад, онгоцны их танхимд цай ууцгааж байгаа үе өдрийн 4 цаг 7 минутад “Шотланд” баруун бөөрөндөө, сэлэх хүрднээсээ арай хойхон ёврогдох мэт болж үл мэдэг доргижээ.

Ёвролт тун яльгүй байсан тул хэрвээ л онгоцны зоорин дотроос :

 - Зооринд ус орлоо! Хүүе, бид живж байна ! гэж хашгиралдаагүйсэн бол гадаа тавцан дээрх улс мэдэхгүй өнгөрөх байсан бизээ.

Зорчигчид сандрах нь мэдээж хэрэг. Гэсэн ч онгоцны капитан Андерсон тэднийг тайтгаруулж байв. Үнэндээ ч ус үл нэвтрэх долоон давхар хамгаалалт хөндийтэй “Шотланд” онгоцонд ганцын зэрэг цоорхой төдий л аюул учруулж чадахгүй ажээ.

Капитан Андерсон зооринд яаравчлан орж тав дахь хамгаалалт өндийд ус дүүрч улмаар ус нэмэгдэж байгааг нь үзвэл бөөрийн цоорхой асар их болотой гэдгийг мэдэв. Заяа дайрахад тэрхүү хөндийд уурын тогоонууд байсангүй.

 

1 уртыг хэмжих далайн хэмжээ. 200 орчим метр.

2 хөлөг онгоцны ёроолын уртаашхи гол холбоос.

           

Капитан Андерсон онгоцны оньст машиныг даруй зогсоож нэгэн усан цэрэгт ус дүүрсэн хөнлий рүү шумбан орох тушаал өгчээ. Тэр усан цэрэг гарч ирээд хөлөг онгоцны бөөр хоёр метр өргөн цөм цохигдсон байна гэж илтгэв. Тийм том цоорхойг далай дээр бөглөх гэж ярихын ч хэрэггүй тул “Шотланд” сэлэх хүрднийхээ тэн хагаст хүртэл усанд доош сууж арай ядан аян замаа үргэлжлүүлэв.

“Шотланд” тэр үед Кпирийн хошуунаас 300 миль зайтай байсан ба Ливерпуль боомтод хугацаанаас гурав хоног хожимдож ирсний нь Англи даяар тун их сэтгэл түгшин хүлээсэн билээ.

Түүнийг даруй уснаас татаж гаргаад инженерүүд үзэж шалгхдаа өөрсдийн нүдээр олж үзсэндээ үл итгэжээ. Учир нь “Шотланд”-ын их биеийн гол бүслүүр шугамаас доош хоёр метр хагас зайтай, адил талт гурвалжин мэт хэлбэртэй, асар том нүх онгойн үзэгджээ. Түүнийг зориуд нүхэлсэн шиг цөмөрхийний ирмэг тэв тэгшхэн байсан нь их биеийг ёворсон багаж ган сайтай байснаас зайлсангүй.

Түүнээс гадна их биеийн дөрвөн хуруу зузаан төмрийг цөм цохисон тэр багаж тэрхүү нүхэндээ зуурчихсангүй яахин ангижирч салсан асуудал тун гайхалтай үлдэв. түүнийг тайлбарлах ямар ч арга алгаа.

“Шотланд”-тай учирсан тэр тохиолдол хүмүүсийн сэтгэлд унтарч агсан ер бусын гайхамшигтай явдлыг дахин сэргээлээ. Энэ минутаас эхлэн ямар нэгэн үл ойлгогдох шалтгаанаас үүсвэрлэсэн далайн сүйрлийг өнөөх гайхалтай шууд холбох болжээ. Тийм учраас гадаад далайд жил бүр гарах 3000 орчим сүйрлийн 200-гаас доошгүй хэсгийг “сураггүй алга бологч” вангийн дансанд бүртгэх болсон тул домог болсон өнөө гайхлын хийсэн нүгэл хилэнц өдрөөс өдөрт улам хүнд болж байсан нь зүйн хэрэг буйзаа.

Эдгээр гай тотгорын хариуцлагыг тэрхүү гайхалд үүрүүлэх нь шударга ч байсан, шудараг бус ч байсан, тив хоорондын зам харилцаа аюултай болсны улмаас айж сандарсан орон бүхний ард олны санал далай тэнгисийн тэрхүү гайхлаас ямар боловч чөлөөлөх хэрэгтэй хэмээн шаардсан бүлгээ.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин

Сэтгэгдлийг ачааллаж байна ...